Бизнесийн зорилгодоо хурдан хүрэх 10 үр дүнтэй зөвлөгөө

SMART зорилго, төлөвлөгөө, тогтмол хяналт, өдөр тутмын үйлдэл зэрэг 10 практик зөвлөгөөг хэрэгжүүлж, илүү хурднаар бизнесийн зорилгодоо хүрэх чадвараа нэмэгдүүлээрэй.

Бизнес эрхэлдэг хүн бүр бизнесийн зорилгоо тодорхойлохын ач холбогдлыг мэддэг. Юунд хүрэхийг хүсэж байгаа, түүндээ хэрхэн хүрэхээ мэдэхгүйгээр амжилттай бизнес бүтээх боломжгүй. Та болон танай багийнхан ямар зорилгын төлөө ажиллаж байгаагаа байнга, тодорхой санаж байх ёстой.

Бизнесийн зорилгоо тодорхойлсны дараа хийх алхам нь түүнийг хэрэгжүүлэх бодит төлөвлөгөөгөө боловсруулах явдал юм. Олон бизнес ашигт ажиллагааны зорилтоо биелүүлж чадахгүйгээсээ болж бүтэлгүйтдэг.

Та улирал бүр л бизнесийн зорилгоо тодорхойлдог ч түүндээ хүрч явахад хэцүү байдаг уу? Тэгвэл бизнесийн зорилгодоо илүү хурдан хүрэхэд туслах хамгийн үр дүнтэй 10 зөвлөгөөг энд уншаарай.

1. S.M.A.R.T. зарчмаар зорилгоо тодорхойл

Бизнесийн зорилгодоо хүрэх эхний дүрэм бол хэрэгжүүлэх боломжтой зорилт тавих явдал юм. Жишээлбэл, хэрэв та ганцаараа онлайн дэлгүүрийн бизнес эрхэлдэг бол нэг жилийн дотор Amazon-оос дутахгүй борлуулалт хийх зорилго тавих нь бодитой зүйл биш.

Мэдээж боломжгүй зүйл гэж үгүй. Гэхдээ хэтэрхий амбицлаж, хэт алсыг харж, амбицаа батлахын тулд өөрийгөө туйлдуулах хэрэггүй. Таныг болон танай багийг урам зоригтой явуулж чадах бодитой зорилтуудыг тодорхойл.

Бизнесийн зорилго тань тодорхой байх ёстой. Жишээлбэл, "илүү их мөнгө олох" гэсэн зорилго нь хангалтгүй. Учир нь "илүү" гэх ойлголтыг хүн бүр өөрийнхөөрөө ойлгож, тайлбарлаж болно. Иймээс тийм зорилго биелсэн эсэхийг үнэлэхэд хүндрэлтэй.

Үүний оронд хэдий хэмжээний орлогыг хэдий хугацаанд олохоо тодорхой зааж байх нь илүү үр дүнтэй. Хэмжигдэхүйц, хэрэгжих боломжтой, тодорхой хугацаатай зорилгуудыг та болон танай ажилтнууд илүү сайн төсөөлж, хянаж, түүндээ төвлөрч чадна. Тийм зорилгод хүрэх нь ч илүү хялбар байдаг.

2. Төлөвлөгөө боловсруул

Тодорхой төлөвлөж, төлөвлөгөөндөө үнэнч байж чадвал бизнесийн зорилгодоо илүү хурдан хүрнэ. Та ухаалаг зорилгоо тодорхойлсон. Одоо түүндээ хүрэхэд саад болж болох бэрхшээлүүдийг даван туулах оновчтой стратеги боловсруулах цаг болжээ.

Өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай.

  • Зорилгодоо хугацаандаа хүрэхийн тулд юу хийх вэ?

  • Хэрэгжүүлэхэд хэний тусламж хэрэгтэй вэ?

  • Ямар нөөц шаардагдах вэ?

Тодорхой асуултуудыг асууж, үнэн зөвөөр, шударгаар эргэцүүлсэн хариултуудыг авч чадвал амжилтын сууриа тавина. Мөн А төлөвлөгөө бүтэлгүйтвэл шилжих Б төлөвлөгөөгөө урьдчилан бэлдэж байх хэрэгтэй. Зорилготой холбоотой бүхий л үйл ажиллагаагаа төслийн удирдлагын апп ашиглан зохион байгуулахыг зөвлөж байна.

3. Ахиц дэвшлээ долоо хоног бүр хяна

Төслийг төслийн менежер удирдвал амжилттай хэрэгждэг нэг шалтгаан нь өдөр тутмын болон долоо хоногийн тогтмол хяналтын ажил юм. Ингэснээр бүх хүн зорилгодоо төвлөрч ажилладаг. Бизнесийн зорилгодоо хүрэхийн тулд та ч мөн ийм тогтолцоог бий болгоорой.

Та болон танай баг зорилгуудаа өдөр бүр харж болохуйц ил харагдах газар байршуулаарай. Ингэснээр зорилгоо байнга санаж, хүн бүр оноосон ажилдаа төвлөрөхөд тусална.

Мөн долоо хоног бүр шинэчилдэг завсрын зорилтууд бүхий ахицын хяналтын систем ашиглахыг бодолцоорой. Төлөвлөсөн шат бүртээ хүрэх бүртээ танай баг амжилтаа тэмдэглэн урамшуулж байх хэрэгтэй. Харин төлөвлөсөн ажил хугацаанаасаа хоцорч байгаа бол нөхөн хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, зөв замдаа эргэн орж байх шаардлагатай.

Түүнчлэн долоо хоног бүрийн уулзалтыг тогтмол хийж, зорилгынхоо хэрэгжилтийг дүгнэж байгаарай. Та төлөвлөгөөний дагуу явж байгаа эсэх, эсвэл хоцрогдож байгаа эсэхээ тодорхойлж, саад бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилц.

Ийм уулзалтууд нь зорилгодоо хүрэхэд саад болж буй эрсдэлийг даван туулах, ажлыг доголдох түвшинд хүрэхээс нь өмнө илрүүлэн засаж байхад тусална.

4. Өдрийг эрт эхлүүл

Өдөр бүр нэг цагийн өмнө сэрдэг болбол жилд нэмэлт 15 хоногтой тэнцэх хугацааг өөртөө бий болгодог. Энэ нь бизнесийн зорилгоо нягталж ганцаараа, чимээгүй сууж ажиллах цорын ганц чөлөөт цагийг таньд өгч байж мэднэ.

Амжилттай яваа хүмүүсийн дийлэнх нь өглөө эрт босдог зуршилтай байдаг. Иймээс энэ дадлыг хэвшүүлснээр зорилгодоо хүрэх боломжоо та нэмэгдүүлж чадна.

Хэрэв та хэдийнээ эрт сэрдэг болчихсон хүн бол унтах цагаа цаашид багасгах хэрэггүй. Учир нь та эрт босохын үр шимийг аль хэдийнээ хүртэж байгаа. Тэгвэл та багийн гишүүдээ ч өдрөө эрт эхэлж байхыг уриалж, зорилгодоо чиглэн ажиллах илүү хугацааг хамтдаа бий болгоорой.

5. Зорилгодоо хүрэх замдаа өсөж хөгжиж байгаагаа анхаар

Зорилгын төлөө тэмүүлэхийн хамгийн үнэ цэнтэй үр дүнгийн нэг нь илүү чадвартай хүн, илүү чадвартай байгууллага болж төлөвших явдал юм.

Жишээлбэл, төлөвлөгөөгөө сайтар боловсруулах явцад танай баг илүү үр ашигтай үйлдвэрлэлийн арга барил, шинэлэг борлуулалтын стратегийг олж хэрэгжүүлж эхэлж болно.

Эцсийн зорилгодоо хүрч чадаагүй байсан ч та шинэ сургамж, туршлага олж авсан учраас өмнөхөөсөө илүү болж хөгжсөн байх болно.

Мөн бизнесийн зорилго болон хувийн асуудлуудаа зөв эрэмбэлж сурах хэрэгтэй. Үүнд мөрөөдлийнхөө төлөө тэмүүлэхийн хажуугаар өөрийн эрүүл мэндээ хамгаалах асуудал ч багтана.

Илүү чадвартай хүн, илүү чадвартай байгууллага болж хөгжиж буйдаа өөрсөддөө баяр хүргэж байгаарай. Энэ нь зорилгодоо бүрэн хүрээгүй үед ч урам зоригоо хадгалахад тусална.

6. Зорилгынхоо төлөө өдөр бүр үйлдэл хий

Бизнесийн зорилгодоо хүрэх хамгийн үр дүнтэй зөвлөгөөний нэг бол өдөр бүр тодорхой алхам хийх явдал юм. Энэ нь том эсвэл жижиг алхам байж болно. Жишээлбэл, хамтын ажиллагааны санал тавьсан имэйл илгээх нь ч өдөр тутмын нэгэн үйлдэлд тооцогдоно.

Өдөр бүр ямар нэгэн үйлдэл хийж байх нь зорилгоо ямагт санаж, түүндээ хүрэх эрч хүчээ төвлөрүүлж явахад тусалдаг.

Хэрэв илүү хурдан үр дүнд хүрэхийг хүсвэл зорилго тус бүрийнхээ төлөө өдөр бүр хэд хэдэн алхам хий. Зарим бизнес эрхлэгчид зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр таван алхам хийж байхыг зөвлөдөг.

7. Багажаа ирлэ

Стивен Ковей "Өндөр үр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал" хэмээх алдарт бүтээлдээ зорилгодоо хүрэхэд шаардлагатай эрч хүчээ хадгалахын тулд тогтмол амарч байхын ач холбогдлыг онцолсон байдаг.

Модыг хурдан хөрөөдөхийн тулд хөрөөгөө иртэй байлгах хэрэгтэй. Зорилгодоо хүрэхэд ч мөн адил.

Эрүүл, эрч хүчтэй байхын тулд зөв хооллож, хангалттай унтаж, тогтмол дасгал хөдөлгөөн хий. Хэрэв өөртөө анхаарал тавихгүй бол эцэстээ ядарч туйлдан, урам зориггүй болох эрсдэлтэй.

8. Зорилгоо нийтэд зарла

Бизнесийн зорилгоо бусдад ил тод зарлах нь түүндээ хүрэх сэдлийг нэмэгдүүлдэг.

Учир нь бусад хүмүүс таныг ажиглах учир та өөрийн хүчин чармайлтад илүү хариуцлагатай хандах болно. Хугацаа болоход хүмүүс үр дүнг тань асуух учир та ичгэвтэр байдалд орохыг хүсэхгүй шүү дээ.

9. Дүрслэн төсөөлөх аргыг ашигла

Зорилгодоо хүрэхэд дүрслэн төсөөлөх аргын хүч ихээхэн тусалдгийг олон хүн мэддэг. Дэлхийд алдартай олон хүмүүс энэхүү аргын ач тусыг олон жилийн туршид сурталчилсаар ирсэн.

Өдөрт хэдхэн минут зарцуулан өөрийгөө зорилгодоо хүрчихсэн байгаагаар төсөөлөхөд хангалттай. Тэр мөчид таньд ямар мэдрэмж төрөхийг аль болох бодитоор анхаарч мэдрээрэй.

Мөн дүрслэлийн самбар хөтлөх, бясалгал хийх зэрэг бусад аргуудыг ч ашиглаж болно.

10. Суралцах ба сургалт

Бизнесийг зорилгод нь төвлөрүүлэн авч явах үүрэгтэй ажилтнууд бизнесээ зорилгод чиглүүлэн хэрхэн удирдах талаар суралцах нь нэн чухал юм.

Ажилтнуудынхаа сургалт, хөгжүүлэлтэд шаардлагатай нөөцийг зориулаарай. Багийнхаа мэдлэгийн солилцоог дэмжиж, багаараа зорилгодоо хамтдаа амжилттай хүрэх боломжийг бүрдүүл.

Эдгээр 10 зөвлөгөөг хэрэгжүүлж, зорилгодоо хүрч, өрсөлдөгчдөөсөө нэг алхам түрүүлээрэй.

Loading...